Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн үзүүлэлтээр нэгтгэн гаргажээ.

Тодруулбал, нийслэлд гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос дунджаар 0.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч, өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.2 хувийн өсөлттэй байна.

Хонины ястай махны үнэ зургадугаар сарын 22-ны өдөр 27,850 төгрөг байснаас 0.5 хувиар буурч, 27,706 төгрөг болсон байна. Үхрийн ястай махны үнэ 34,222 төгрөгөөс 33,882 төгрөг, үхрийн цул махны үнэ 38,619 төгрөгөөс 38,585 төгрөг болж тус тус үл ялиг буурчээ. Эсрэгээрээ дотоодын төмсний үнэ хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бөгөөд өмнөх долоо хоногт 3,662 төгрөг байсан бол энэ долоо хоногт 1.3 хувиар өсөж, 3,712 төгрөгт хүрсэн байна.

Харин бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох 1-р зэргийн гурил 2,521 төгрөг, Атар талх 2,925 төгрөг, элсэн чихэр 5,125 төгрөг, цагаан будаа 5,000 төгрөг, өндөг 616 төгрөг болон 5,059 төгрөгийн "Миний Монгол" сүү өмнөх долоо хоногоос өөрчлөлтгүй, тогтвортой хадгалагдлаа.

Түүнчлэн АИ-92 автобензин 2,590 төгрөг, дизелийн түлш 4,335 төгрөгийн үнэ дээрээ хэвээр байна.

Харин аймгийн төвүүдэд мах, сүүний үнэ Улаанбаатар хотоос харьцангуй хямд байна. Үхрийн махны дундаж үнэ 28,555 төгрөгөөс 2.4 хувиар буурч 27,883 төгрөг болсон бол ямааны махны үнэ хоёр хувиар буурч 19,388 төгрөгт хүрчээ.

Хонины махны үнэ 23,256 төгрөгөөс 23,236 төгрөг болж маш бага хэмжээгээр буурсан байна.

Мөн задгай сүүний үнэ 2.6 хувийн уналт үзүүлж, 3,929 төгрөгөөс 3,826 төгрөг болж хямдарчээ. Цагаан будааны үнэ ч мөн үл ялиг буурч 4,146 төгрөг болсон байна. Шатахууны хувьд аймгийн төвүүдийн дундаж үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд АИ-92 автобензин 2,795 төгрөг, дизелийн түлш 4,622 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.


Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ