Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа

Малчдын эрх ашгийг хамгаалах "Малчин" нийгэмлэгээс дараах мэдэгдлийг гаргалаа.

Ноолуурын салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлогын тэнцвэр, шударга байдлын талаар: Сүүлийн жилүүдэд Монгол Улсын ноолуурын салбарт хэрэгжүүлж буй бодлого, тэр дундаа түүхий ноолуурын экспортод тавьсан хориг болон боловсруулах үйлдвэрүүдэд олгож буй төрийн санхүүжилт нь салбарын оролцогчдын эдийн засгийн эрх ашигт харилцан адилгүй нөлөөлж байгаад малчид, иргэдийн зүгээс ноцтой анхаарал хандуулах шаардлага үүсээд байна. Төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуур бэлтгэн боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 500 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шийдвэрлэсэн талаар мэдээлэгдсэн. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлого нь зарчмын хувьд зөв хэдий ч бодлогын хэрэгжилт эдийн засгийн гинжин хэлхээний бүх оролцогчидод тэгш хүрч байгаа эсэх нь эргэлзээ дагуулж байна.

Албан статистик мэдээллээр самнасан ноолуурын экспорт 4.0 мянган тонн хүрч, 330.6 сая ам.долларын орлого бүрдүүлсэн гэх үзүүлэлт бий. Ийм нөхцөлд боловсруулах салбар тогтвортой орлого олж байгаа атлаа жил бүр төрийн санхүүгийн дэмжлэгт түшиглэж буй нь бодлогын үр ашиг, зах зээлийн шударга өрсөлдөөний талаар асуулт үүсгэж байна. Нөгөө талаас, ноолуурын үндсэн нийлүүлэгч болох малчид сүүлийн жилүүдэд зудын хүндрэл, малын хорогдол, орлогын бууралтад өртөж, банк санхүүгийн өрийн дарамтад орсон хэвээр байна. Малчдын жилийн үндсэн мөнгөн орлого нь ноолуур бөгөөд зээлийн эргэн төлөлтийн төлөвлөлт ч энэхүү орлоготой шууд уялддаг. Гэвч түүхий ноолуурын экспортын хоригийг урьдчилан хангалттай хугацаанд мэдээлэлгүйгээр хэрэгжүүлсэн нь малчдын санхүүгийн тооцооллыг алдагдуулж, өрхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн талаар өргөн хүрээний шүүмжлэл гарч байна.

Иймд дараах асуудлуудыг төрийн холбогдох байгууллагууд анхааралдаа авах шаардлагатай гэж үзэж байна:

ШААРДЛАГА

1. Ноолуурын салбарт олгож буй төрийн санхүүжилтийн зарцуулалт, үр ашгийг олон нийтэд ил тод тайлагнах;

2. Төрөөс санхүүжилт авч буй боловсруулах үйлдвэрүүдийн худалдан авах үнийг олон улсын зах зээлийн ханштай уялдуулах бодлогын зохицуулалт хийх;

3. Ноолуурын экспортын бодлогын өөрчлөлтийг цаашид урьдчилан мэдээлэх, шилжилтийн хугацаатай хэрэгжүүлэх эрх зүйн механизм бүрдүүлэх;

4. Малчдын зээлийн эргэн төлөлт, санхүүгийн дарамтыг бууруулах тусгай дэмжлэгийн бодлого боловсруулах;

5. Ноолуурын салбарт үүссэн ашиг сонирхлын зөрчил, төрийн санхүүжилтийн үр ашигт хяналт шалгалт хийхийг холбогдох хяналтын байгууллагуудад санал болгох.

Ноолуурын салбар нь зөвхөн боловсруулах үйлдвэрлэл бус, Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой байдал, орон нутгийн эдийн засаг, олон мянган малчин өрхийн амьжиргаатай шууд холбоотой стратегийн салбар юм.

Тиймээс төрийн бодлого нь зах зээлийн нэг талд давуу байдал бий болгох бус, салбарын бүх оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах зарчимд суурилах ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын малчид, иргэдийн эдийн засгийн эрх ашиг, шударга өрсөлдөөний орчны төлөө энэхүү мэдэгдлийг гаргаж байна.


Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ