Монгол Улсад төрийн айлчлал хийх Яков Милатович гэж хэн бэ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович энэ сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна. 

Монтенегро Улсын төрийн тэргүүнээр ажиллаж буй Яков Милатович нь тус улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч бөгөөд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч, шинэ үеийн улс төрч юм.

Тэрбээр 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тус улсыг 30 гаруй жил тасралтгүй удирдсан Мило Жүкановичийг олонхийн саналаар ялж, 2023 оны 5 дугаар сард албан ёсоор тангараг өргөсөн билээ.

Яков Милатович нь Их Британийн алдартай Оксфордын их сургуульд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ, Австри, Италийн нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцаж байжээ. Улс төрд орохоосоо өмнө банкны салбарт болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкинд (EBRD) ахлах эдийн засагчаар амжилттай ажиллаж байсан туршлагатай.

2020-2022 онд Монтенегро Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаандаа цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн шинэчлэлүүдийг санаачлан хэрэгжүүлсэн.

Сайд байх хугацаандаа байгуулсан "Europe Now!" шинэ нам, хөдөлгөөн нь богино хугацаанд залуус болон сонгогчдын асар их дэмжлэгийг авч чаджээ.

Тэрбээр Европын Холбоонд элсэх үйл явцыг түргэсгэх, авлигатай тэмцэх, баруун-төвийн ардчилсан зарчмыг баримталж, Евро-Атлантын бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Мөн НАТО-гийн гишүүнчлэлийн амлалтаа биелүүлж, Украиныг дэмжих байр сууриа тууштай хадгалж байгаагаас гадна АНУ, ЕХ, Хятад, Япон зэрэг томоохон гүрнүүдтэй дипломат харилцааг бэхжүүлэх бодлого баримталж байна.

Яков Милатович нь эхнэр Милена болон гурван хүүхдийн хамт нийслэл Подгорица хотод амьдардаг. Тэргүүн хатагтай Милена Милатович нь олон нийтийн арга хэмжээнд цөөн харагддаг ч өөрийн гэсэн карьертай нэгэн юм. Тэбрээр эдийн засгийн салбарт мэргэшсэн бөгөөд Монтенегрогийн Цахилгаан дамжуулах сүлжээний компанид Санхүү, эдийн засаг хариуцсан удирдах албан тушаал хашиж байжээ


Монгол Улсад төрийн айлчлал хийх Яков Милатович гэж хэн бэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0