Эрдэнийн Бат-Үүлийн хүү Чулуудайн аавынхаа тухай бичсэн сошиал нийтлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна. Тэрбээр,
Намайг найман настай байхад аавыг минь бидний нүдэн дээр баривчилж аваад явсан юм. Тэр өдрөөс хойш бараг 40 жил өнгөрчээ. Хүний амьдралаар бол бараг л нэг жаран юмуу даа. Гэтэл аавыг минь дагасан хараал, гүтгэлэг, доромжлол яг л тэр хэвээрээ. “Хувьсгалаа дутуу хийсэн” л гэнэ. “С.Зоригийг алсан” л гэнэ. “Хотын дарга байхдаа идсэн, уусан” л гэнэ. “Гэр хорооллынхныг хохироосон” л гэнэ. Он жил өнгөрөх тусам үг нь солигддог болохоос утга нь ердөө өөрчлөгддөггүй. Хамгийн хэцүү нь, энэ олон үгийн аль алинд нь бодит баримт, нотолгоо нэхээд хэнд ч байдаггүй. Зүгээр л хэн нэгнийг буруутгах хэрэгтэй болсон үед аавын минь нэрийг гаргаж ирж өөрсдийн бухимдал, хорсол, амьдралынхаа бүтэлгүйтлийг түүнд наачихдаг юм билээ. Бид ч олон арван жил ингэж хараалгаж, доромжлуулсаар байгаад сүүлдээ бараг дөжирчихсөн дөө. Гэхдээ хүүхэд насанд үлдсэн зарим зүйлд хүн тийм ч их дөжирдөггүй юм байна. Аавыг минь залуу байхад манай өвөөгийнх рүү бараг өдөр бүр таних, танихгүй хүмүүс утасдана. Эмээг минь гичий нохойгоор нь дуудан хараана. Аав минь мэдээж ажилгүй болж, Ээжийг ч ажилаас нь эвтэйхэн халсан. Харин бид хаа сайгүй аавынхаа нэрээр гадуурхагдана. Хүүхэд байхад аавынхаа нэрийг хэлэх хүртэл заримдаа зориг шаарддаг байлаа. Хүмүүс итгэхгүй л дээ.
“Хэний хүүхэд вэ?” гэж асуухад нь үнэнийг хэлчихвэл дараа нь яаж хандах бол гэж тээнэгэлзэнэ. Заримдаа хэлнэ. Заримдаа нууж өнгөрнө. Учир нь аавынхаа нэрийг хэлсний дараа хүмүүсийн харц хэрхэн өөрчлөгдөж, үг нь яаж ширүүн болж, ямар муухайгаар доромжилж, дээрэлхдэгийг бид багаасаа мэддэг болчихсон байсан юм. Ядаж байхад аавын минь нэр их содон. Нуух гээд ч амархан нуучих нэр биш. Бүгд л мэднэ. Тиймээс хүлээнэ. Тэвчинэ. Үгээ залгина. Ихэнхдээ аавынхаа нэрийг нууж байж л бусдын адил энгийн харилцаанд орохыг хичээдэг хүүхэд нас бидэнд байсан юм. Хамгийн сонин нь тэр үе өнгөрсөн ч энэ бүхэн бүрэн дууссангүй.
Нэг удаа хүү минь надаас - Ааваа, та нар өмнө нь юу хийсэн болоод хүмүүс бидэнд ингэж их дургүй байдаг юм бэ? гэж асуусан.
Тэр асуултыг сонсоод би хэсэгтээ юу ч хэлж чадаагүй.
“Бид чинь 3 биш дөрвөн үеэрээ хараалгах тавилантай улс юм байж дээ л гэж дотроо бодоод өнгөрсөн.
Бидний тавилан ийм л юм байна гэж эвлэрээд, үгээ залгиад өнгөрдөг үе маань үргэлжилсээр дуусаагүй бололтой. Би хааяа нэг зүйлийг өөрөөсөө асуудаг юм. Үнэхээр энэ хүмүүс яагаад энэ нийгмээс авахыг хүссэн бүхнээ авчихаад, түүнийгээ үгүйсгэдэг юм бол доо? Бүхэл бүтэн нийгмийн баян элит болчихсон, ардчиллын буянаар ганзага зөөж баяжаад олны танил болсон хүн хүртэл “Социализм их сайхан байсан” л гэнэ. Орос ах л гэнэ. Lexus 600 уначихсан, арван хуруундаа алтан бөгж зүүчихсэн махны ченж ч ардчиллыг хараана. Ардчиллын хүчээр гаднаа тал дүүрэн малтай, Porter, Bongo өрөөд тавьчихсан, Land 200-гаа дулаан бүтээлгээр бүтээчихсэн мянгат малчин ч ардчиллыг хараана. Тэгсэнээ дээрээс нь “Хүүхдүүд маань нэг нь Австралид сурч байгаа, нөгөөх нь Солонгост хар ажил хийдэг, тэр хүүгийн хар ажил хийж байгаа нь энэ нийгмийн буруу” гэж байхыг сонсож л байлаа.
Аль ерэн он гарангуут гэрээсээ яваад Америкт 30 гаруй жил болчихсон, бараг уугуул шахуу америкжсан монгол ах ч “Социализм сайхан байсан” л гэнэ. Орос ах л гэнэ. Би сайн ойлгодоггүй юм. Нэг удаа цоо шинэ Range Rover уначихсан, нүүр дүүрэн брэндийн хар шил зүүчихсэн залуу аавыг минь гудамжинд алхаж явахад нь ууж явсан юмаа нүүррүү нь шидээд: “Буурал толгойлсон хар өгөр өвгөн Бат-Үүлээ чи зайлаач ээ!” гэж харааж байхыг би хажуунаас нь нүдээрээ хараад тэр залууд их уур хүрч билээ. Аав минь уг нь тэдний төлөө л тэмцсэн юм шүү дээ. Тэр ганзагчинг гадаад паспорттой болгож, хүссэн наймаагаа хийж явдаг болгохын төлөө. Тэр малчинг тал дүүрэн малтай болгохын төлөө. Тэдний хүүхдийг өөрийнхөө сонголтоор гадаадад амьдарч, сурч боловсрох, ядаж сурч чаддаггүй юмаа гэхэд хар ажил хийх эрхтэй байлгахын төлөө. Тэр аймар том брэндийн хар шилтэй залууг хүссэн шилээ өөрийнхөө мөнгөөр авч, хүссэн машинаа унаж, хүссэнээрээ амьдрах эрхтэй байлгахын төлөө л аав минь 1990 онд анд нөхөдтэйгөө хамт тэмцсэн юм шүү дээ.
Тэр үед төрийн эсрэг бослого, хөдөлгөөн гэдэг цаазын ялтай байлаа шүүдээ. Тэр бусдыгаа уриалж, зоригжуулж, өөрөө үлгэрлэж, баригдаж хоригдоод ч хамаагүй тэмцсэн нь архивт баримт болоод үлдсэн байналээ. Тэр олон залуусын зориг, эрсдэл, тэмцэл нийлж байж л 1990 оны хувьсгалын тохироо бүрдсэн юм шүү дээ. Дэлхий нийт өөрчлөгдөж байхад Монгол бахь байдгаараа, коммунист дарангуйллын тогтолцоондоо үлдсэн бол өнөөдөр та нар аавыг минь ингэж чөлөөтэй харааж, доромжилж ч чадахгүй шүүдээ. Та нар нүүрээ ч нууж чадахгүй баригдана. Тэр үед үнэндээ хэдхэн даргаа тахин шүтэж тэдний эсрэг үг хэлбэл шоронд суудаг байлаа. Чойном шиг үзэл бодол, үнэн үг бичсэнийхээ төлөө эрх чөлөөгөө хасуулдаг, хувийн өмч, хувийн бизнесийн тухай мөрөөдөх ч боломж байгаагүй юм шүүдээ. Тэр үед нэгдлийн хэдэн мал тооллогоор дутахад “нийгмийн өмч шамшигдуулсан” хэргээр ял сонсдог байлаа. Гадаадад ажиллаж амьдрах нь битгий хэл монгол хүн өөрийн гэсэн пасспортгүй байсан юм. Тэрийгээ тэр орос ахын “дүү” ах нар бүгд л мэдэж байгаа.
Орос ах л гэнэ, хэрэв хуучин тогтолцоо чинь үлдээд Орос ахынхаа далбаан дор байсан бол өдийд бид хамгийн түрүүнд олон мянган аавын хөвгүүдээ фронтруу цөлүүлэх байсандаа үнэндээ. Араас нь гомдоллох ч эрхгүй амаа үдүүлээд бүхнийг фронтын төлөө гээд сууж байх байсан.
Би боддог юм тэр үед аав минь шантарсан бол эсвэл хүний хэл ам үгнээс айсан бол бидэнд юу болох байсан бол.
Аав ээж минь ажилтайгаа үлдэх байсан.
Бид энд тэнд нүд үзүүрлэгдэж, аавынхаа нэрийг нууж, хүний хараал доромжлолоос айж амьдрахгүй байсан байх.
Гэхдээ л аав минь тийм замыг сонгоогүй.
Өөрийнхөө болон гэр бүлийнхээ амар тайван амьдралаас илүү бусдын эрх чөлөөтэй амьдрах боломжийг сонгосон юм шүүдээ. Харин тэр эрх чөлөөгөөр нь амьдарч, тэр эрх чөлөөгөөрөө хөрөнгөжиж, тэр эрх чөлөөгөөрөө дэлхийгээр явж, үр хүүхдээ хүссэн газартаа сургаж, өөрийн өмчтэй, өөрийн сонголттой болсон хүмүүсийн дийлэнхи нь өнөөдөр эргээд тэр эрх чөлөөгөө харааж байхыг харахаар өмнөөс нь гомдох юмаа. За яах вээ та нар минь гэхдээ хараа хараа! Эцсийн эцэст эр зоригтой байж бусдын төлөө бэртэгчин царайлаагүй тас хар үстэй сайхан залуу явсан аав минь та нарын наад нүүрээ нууж байгаад бусдыг хараах эрхийн чинь төлөө тэмцсэн юм шүүдээ.
| Бат-Үүлийн Чулуудай: Аав минь та нарын өөрийг нь харааж, доромжлох эрхийн чинь төлөө үсээ бууралттал тэмцсэн юм |
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд, нэгдсэн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-08-31 18:05:51
Ерөнхий сайд Н.Учрал дараах есөн шийдвэрийг танилцууллаа
2026-08-31 12:48:53
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
2026-08-29 10:35:14
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
2026-09-01 13:41:51
Ном уншлагын үндэсний хөдөлгөөн өнөөдрөөс эхэллээ
2026-09-01 12:32:15
Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв
2026-09-01 12:13:33
Тасганы овоонд цахилгаан машин цэнэглэх өртөө байгууллаа
2026-09-01 10:34:10
Бат-Үүлийн Чулуудай: Аав минь та нарын өөрийг нь харааж, доромжлох эрхийн чинь төлөө үсээ бууралттал тэмцсэн юм
2026-09-01 09:30:06
97 настай Бохара Непалын гамшгийн итгэл найдварын бэлгэ тэмдэг боллоо
2026-09-01 09:20:28
Шинэжинст сум 60 га газарт хавтгай үржүүлэх бааз байгуулжээ
2026-09-01 09:15:24
Өнөөдөр Улаанбаатарт 31 хэм дулаан
2026-09-01 09:09:40
Энэ жил нэгдүгээр ангид 75838 хүүхэд суралцана
2026-09-01 09:07:12
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд, нэгдсэн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-08-31 18:05:51
Цагаан-Овоо сум руу орж ирсэн баавгайнуудыг ой руу хөөжээ
2026-08-31 15:22:02
Ерөнхий сайд Н.Учрал дараах есөн шийдвэрийг танилцууллаа
2026-08-31 12:48:53