ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан НҮБ-ын хүний суурьшлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, хатагтай Ана Клаудиа Россбах нар санамж бичигт гарын үсэг зурлаа

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр /ХАБИТАТ/-ийн Гүйцэтгэх захирал, хатагтай Ана Клаудиа Россбах нар өчигдөр /2026.08.24/ хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын хот байгуулалтын бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан НҮБ-ын Хүний суурьшлын хөтөлбөр /ХАБИТАТ/ хоорондын хамтын ажиллагааг илүү системтэй болгох шаардлагатай гэж үзэж, хамтран ажиллах Санамж бичгийн төслийг боловсруулж, хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тусгажээ. Энэхүү Санамж бичгийн гол зорилго нь Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, тэсвэртэй хот байгуулалт болон хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход оршино. Бидний хувьд энэхүү Санамж бичгийг зөвхөн ерөнхий хамтын ажиллагааны баримт бичиг бус, цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны суурь баримт бичиг гэж харж байгаа гэдгээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан онцоллоо. 

Тэрбээр "Яамны хувьд хот байгуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж байна. Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчиосэн найруулгын төсөл, Орон сууцжуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Энэ хүрээнд НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь чухал ач холбогдолтой. Иймээс бидний өнөөдрийн уулзалтын гол зорилго бол эдгээр чиглэлээр хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгох явдал юм" хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.


ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан НҮБ-ын хүний суурьшлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал, хатагтай Ана Клаудиа Россбах нар санамж бичигт гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0