О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо

Улсын Их Хурлын 2026 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” буюу нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Шинэчлэлийн хүрээнд ахмад настны орлогын баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцоог уян хатан болгох чиглэлээр хэд хэдэн томоохон өөрчлөлт тусгагджээ.

Тухайлбал, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 435 мянга орчим ахмад настанд сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгохоор болсон байна.

Мөн 2033 оноос эхлэн иргэдийн тэтгэврийг сүүлийн 10 жилийн цалингийн дунджаар тооцдог болох бөгөөд нэрийн дансны даатгуулагчдын тэтгэврийн хэмжээ огцом буурахаас сэргийлэх зохицуулалт тусгажээ.

Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажилласан иргэний сарын тэтгэврийг жил бүр дөрвөн хувиар нэмэгдүүлэх, харин тогтоосон наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан тохиолдолд дөрвөн хувиар бууруулах зохицуулалт мөн хуульд багтсан байна.

Түүнчлэн иргэд сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдэж байгаа аж.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд цагийн ажил хийдэг оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр болсон байна. Мөн нэгээс таван ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хүртэлх ажилтанд 36 сарын хугацаанд чөлөөлөхөөр тусгажээ.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авсан жижиг, дунд бизнесийн ажил олгогчийг тухайн ажилтантай холбоотой ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлээс таван жилийн хугацаанд чөлөөлөх зохицуулалт батлагдсан байна.

Шинэ хуулиар давхар ажил эрхэлдэг иргэн өөрийн сонголтоор зөвхөн нэг ажлаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжтой болохын зэрэгцээ албан бус хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шинээр хамрагдвал шимтгэлийн 50 хувийн хөнгөлөлт эдлэхээр болжээ.


О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ