Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ

Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Куэнга-гийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчид Бутаны Хаант Улсад 2026 оны гуравдугаар сарын 1-6-ны өдрүүдэд айлчлал хийжээ. Монгол Улсын Их Хурлын гишүүд 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхав. Энэ үеэр Бутаны Хаант Улсын ирэх 50 жилийн хөгжлийн төлөвлөгөөг Цог Жавхлант Хаан дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсад 2024 онд хийсэн төрийн айлчлалын үеэр монголын ард түмэн элгэмсгээр хүлээн авсныг дурдлаа. Тэрбээр хоёр улсын парламентын түвшний анхны айлчлалыг хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, айлчлалд нь амжилт хүсэв.

Хоёр улс нь их гүрний дунд байрладаг далайд гарцгүй, хөгжиж буй орнууд гэдгээрээ ижил төстэй юм. Түүнчлэн ёс заншил, соёл, шашин шүтлэг, нэршлийн хувьд ч нийтлэг талтай олонтойг талууд онцолсон. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаа нь нийгэм, эдийн засагт тулгарч буй сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Энэ талаар Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайд бараалхах үеэр ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн чухлыг онцлов. УИХ-ын гишүүд тус улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн сайд Лионпо Юнтэн Фунтшотой албан уулзалт хийлээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох боломжтой гэдэгт талууд санал нийлэв.

Энэхүү салбарт манай улс түүхий эдийн хангалттай нөөцтэй тул мах, махан бүтээгдэхүүнийг Бутаны Хаант Улсад экспортлоход бэлэн байгаагаа илэрхийлэв. Тус улсын хязгаар нутгийн малын удам угсааг сайжруулах зорилгоор манай улс 2024 онд 10 монгол банхар, 300 сарлаг, 400 хонь, 300 адууны хөлдөөсөн эсийг тус улсад хандивласан бөгөөд үүний үр дүнд хоёр сарлагийн төл бойжсон тухай мэдээлэлтэй байна. 


Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ